Баяд эмээл

Баяд эмээл
Баяд эмээлийг Ердийн хэрэглээний, шар эмээл, гоёл гэж ангилна. Ердийн хэрэгцээний эмээл нь нэг давхар /дан/ ястай бол шар эмээл нь ясгүй байдаг. Гоёлын эмээлийн ясыг гурван давхар хийдэг нэг гол ялгаа нь юм. Гоёлын эмээлийн өнгө будаг нь маш сайхан тохирсон байх ёстой ажээ.


Зөв сууж сурахаас зөв амьдрал эхэлдэг. Эцэг дээдэс маань ингэж сургамжилсан нь цөөнгүй бөлгөө. Чингэхүйл зөв суух гэж юуг хэлнэ вэ. Зөв амьдрал гэж юусан билээ гэх асуулт ч гарах зөв суух гэдэгт эзэн өргөөндөө ч эмээл дээр ч суух тухай ойлгож ухаарах учиртай болов уу гэж сэтгэнэм. Тэр тусмаа сайхан эмээл дээр сайхан суух учиртай хэмээн эмээл урлаач Жамьянгийн Ядамцоотой хүүрнэхдээ ингэж бодсоноо өчсүү.

Увс аймгийн Тэс суманд эмээлч цолтой Жамьян гэх эгэл сайхан хүн 78 жил амьдраад тэнгэрт хальсан ажээ. Ядамцоо бол түүний ууган хүү. Хаа нэг газар Тэсийн Жамьян гэдэг нэр сонсогдвол хэн бүхэн эмээлч Жамьян уу гэж заавал асуудаг гэнэ. Тийм учраас энэ бол ард түмэн оноосон цол юм. Хүүхдүүд нь ч тэгж ярьцгааж тэр цол нь гэгээн бахархал, эцгээ дурсах дуудах ерөөл болсон ажээ. Жамьян 12 настайдаа эмээл хийх мод \хус\ сонгон олж эмээл хийдэг хүмүүст өгч тусалдаг байснаа 16-тайдаа өөрөө эмээл урлаж эхэлжээ. Хожим нь хийсэн эмээлийнхээ тоог авч байдагсанж хэмээн харамсаж ярьдаг байж. Энэ бол тав аравхан эмээл хийгээгүй гэсэн үг. Чамлахын аргагүй тоо гарах байжээ гэж шууд ойлгогдож байлаа.
Сайхан эмээл хийнэ гэдэг санасан бүхэн сарвайгаад хийчихдэг ажил яавч биш болохыг эмээлчийн хүү Ж.Ядамцоо хүүрнэж байна. Сайхан эмээл хийе гэвэл сайн мод сонгож авахаас эхэлдэг юм байна. Эмээлийн модыг хусны үндсээр хийдэг аж. Юуны өмнө хоёр бүүрэг нь залгаасгүй байхаар бодож модоо сонгож авна. Бүүргийг наалттай хийнэ гэдэг ойлголт байж болохгүй гэж тэр хэллээ. Эмээлийн мод гэдэг нь 2 бүүрэг, 2 хавтаснаас бүрдэнэ. Тохирох модыг хаварт хайж сонгож олоод сүүдэр газар хатаана. Тэгэхдээ зөөлөн салхинд хатаавал мод хөнгөн бас зөөлөн болох учиртай ажээ. Модоо хатаахад нэг жилийн хугацаа шаарддаг юм байна.
Бүүрэг хийх модны ширхэг нь босоо чиглэлтэй байх ёстой гэнэ. Энэ нь сонголтыг нарийн нягт хийнэ гэсэн үг юм. Дараа нь модоо цавчилж, нимгэлж ерөнхий загвараа гаргаж аваад суудлын хэмжээ \багтаамж\-нд тааруулж өнгөлж өө сэвгүй болгоно. Хавтсандаа бүүргээ тааруулж бэлтгээд маш нягт нямбаа хандаж чухам “долоо хэмжиж нэг огтлох” зарчим баримталдаг аж. Модоо наах цавуугаа бас бэлдэнэ. Өөрийн бэлдэж тавласан цавууг ашигладаг юм байна. Тэгээд гөлмөө сонгож авна. Гөлөм олонцог дөрөөний сурын бүрээс уутыг эсгэх хээ чимэглэлийг сонгож хийнэ. Гөлмөө эмжин шаглана. Эдэлгээ бөх байлгахын тулд гөлмийн дотор талд нь булигаар давхар наана. Бүүрэг хавтас эмжих бугын ясан эвэр олж дэвтээж, зүсээд зүлгэж өнгөлж тааруулна.
Энэ мэтээр эмээлд шаардагдах сурыг олж бэлтгэх \ганзага, дөрөө сур г.м\ зүсэж тохируулах гээд нямбаа ажиллагаа шаардлагатай. Анхандаа үхрийн ширийг өөрөө бэлдэж идээлж, өөрөө элддэг байсан гэнэ. Нэг өвлийн ажил болдог байжээ. Элдэх талхиас эхлээд зөндөө бэлтгэл бас гарын хүч тамир бардаг учир бэлэн сур авч хийдэг болжээ. Эмээлийн мөнгөн тоног баавар даруулгаа өөрөө голдуу хийдэг болсон байна. Энэ бол ур дүй шаардсан уйгагүй нямбай байхаас өөр аргагүй ажил гэнэ. Мөнгөн эдлэлийн хээг товойлгон гаргахад багаж зэмсэг мэдээж тохирсон байх ёстой. Ойр зуурын багажаа өөрөө хийж хээний хувьд баядын дунд өргөн хэрэглэгддэг хээ, Өндөрхангай сумын нэртэй дархчуулын хээ бас Хэнтийн Батноров чиглэлийн хээ ч ашигладаг ажээ. Энэ бүхний эцэст эмээл бэлэн болно. 
Баяд эмээлийг
-Ердийн хэрэглээний
-Шар эмээл
-Гоёлын гэж ангилна.
 Ердийн хэрэгцээний эмээл нь нэг давхар \дан\ ястай бол шар эмээл нь ясгүй байдаг. Гоёлын эмээлийн ясыг гурван давхар хийдэг нэг гол ялгаа юм. Гоёлын эмээлийн өнгө будаг нь маш сайхан тохирсон байх ёстой ажээ. Сайхан эмээлтэй, сайхан морин дээр сайхан сууж явах ёстой юм байна гэж ухаарсны учир иймэрхүү.
:Дархан уул аймгийн музейн веб хуудас



Зочин
жинхэнэ ардын уламжлагдаж ирсэн сайхан эд байна даа энэ эмээлийг одоо тэсийн ямар хүн урладаг бол мэдэх арга байдаг болов уу?
10, 01, 2013 - 11:41 PM

Сэтгэгдэл нэмэх

Таны нэр:
Сэтгэгдэл: