Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!

"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!

Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Яруу найрагч О.Дашбалбар
Сэтгэгдэл байхгүй.

Сэтгэгдэл нэмэх

Таны нэр:
Сэтгэгдэл:
 
ГАНДИ

НИЙТЛЭЛЧ

Энэтхэгийн ард түмний эцэг Махатма Ганди (1869.10.2 - 1948.1.30) нь Энэтхэгийг Английн колониос салж бие даасан улс болох үйл хэргийг удирдсан. Түүний оруулсан томоохон хувь нэмэр нь тэмцлийг цус асгаруулсан хүч хэрэглэсэн байдлаар биш харин үл нэгдсэн, үл хамтарсан байдлаар хийх номлол дэвшүүлэн түүнийгээ хэрэгжүүлсэн явдал юм. 1922 онд Ганди баривчлагдан 6 жилийн хорих ял сонссон ч 2 жил л шоронд суугаад гарсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Ганди Энэтхэгээс гар гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн. 1942 оны 8 сарын 9-нд Ганди мөн Конгрессын ажлын хорооныхонтой хамт англичуудад дахин баривчлагдав. Түүний эрүүл мэнд муудаж, мэс засал хийх хэрэгтэй болсон тул, түүнийг шоронд үхүүлж олон сая энэтхэгчүүдийн хилэнг хөдөлгөхөөс сэргийлж Раж түүнийг 1944 оны 5 сарын 6-нд сулласан юм.

Хэдийгээр түүний зохион байгуулж байсан Энэтхэгээс гар хөдөлгөөн элдвээр дарагдан төдийлөн амжилт олохгүй байсан хэдий ч Энэтхэгийг орхин явах болно гэдгээ Англичууд албан бусаар 1943 оноос эхлэн мэдэгдэх болсон юм. 1948 оны 1 сарын 30-нд Ганди бусдад буудуулан нас нөгчсөн юм.

Тэрээр дэлхийн түүхэн дэхь томоохон улс төрийн зүтгэлтэн бөгөөд томоохон энхтайванч үзэлтэн байв. Түүний хурц тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол түүний дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа бие даасан улс болсон бөгөөд түүний тэмцэл нь зөвхөн Энэтхэгт ч биш, мөн бусад өөр олон колонийн улсууд дэлхийн хоёрдугаар дайны дараа тусгаар тогтнолоо олж авахад ихээхэн хувь нэмэр болсон юм. Мөн дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн 2 лагерьт хуваагдаад байх үед энхтайвнаар зэрэгцэн орших, үл нэгдэх үзэл хандлагын суурийг тавьсан.

Түүний хэлсэн түүхэн үгсээс:
"Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэвч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод"

"Нүдийг нүдээр сольбол бүх дэлхий сохор болох болно"

"Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй"

Мөхлийн долоон нүгэл:
1.    Хөдөлмөрөөрөө олоогүй баялаг
2.    Хүмүүний ухамсаргүй цэнгэл
3.    Хөндий хоосон мэдэмхийрэл
4.    Эрхэмлэх суртахуунгүй арилжаа
5.    Энэрэхүйг гээсэн шинжлэх ухаан
6.    Бие сэтгэлээ өгөөгүй шашин
7.    Баримтлах зарчимгүй улс төр

Нийтлэлүүд
  • Да. Жаргалсайхан Увсад очоорой.

    2013-01-24 14:38:30
  • Зүүнхангай суманд нярай эндсэн. Хэн буруутай вэ?, юу болсон бэ?

    2013-01-24 18:19:27
  • ӨЛСӨХ МООД

    2013-01-24 14:53:16
  • Бидний гарал үүсэл

    2013-01-30 08:56:59
  • Шинэчилсэн бүртгэл дээр яс үндэс МОНГОЛ гэж бичвэл таарна

    2013-03-04 09:42:46
  • Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гол захиалагч буюу Увс бүлэглэл нийтлэлийг дахин хүргэж байна

    2013-01-30 13:28:08
  • Дарга нар битүү захаар “битүүрэх үү?”

    2013-02-01 08:27:15
  • Ю.Цэдэнбал ардчиллын анхны алтан хараацай байжээ

    2013-02-04 17:18:58
  • Аймгуудын өрсөлдөөн: Хурд бол юу ч биш

    2013-02-24 09:11:30
  • Эхийн хайр

    2013-02-26 10:03:14
  • Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

    2013-03-11 15:42:47
  • Ноолуурын цаг айсуй

    2013-03-13 08:41:41
  • УИХ-ын гишүүдэд илгээсэн захидал

    2013-03-14 12:45:02
  • Инээмсэглэсэн Монгол

    2013-03-15 08:08:22
  • Ерөнхийлөгч өө, та ардчилалд хайртай юу?

    2013-03-19 16:12:05
  • “УС” яагаад заавал ус гэж

    2013-03-21 19:10:47
  • Увсын цэнхэр хязгаарт юуг ч юм бэ мартчихаж...

    2013-03-25 09:39:58
  • Эглийн эгэл, энгүй их ачтангууд цуврал-1 Их Агина

    2013-03-31 21:26:39
  • “Хаврын синдром амилав”

    2013-04-06 13:41:35
  • Монголчуудын уламжлалт насны ангилал, түүний утга учир

    2013-04-16 11:43:16
  • БИЧИЛ УУРХАЙЧИД БОЛ “НИНЖА” БИШ

    2013-04-19 13:49:32
  • Увс явах замд

    2013-04-21 17:00:00
  • Задарсан гэмт этгээдийн халааснаас ядарсан иргэдийнхээ гэдсийг цатгах мөнгө гаргая

    2013-04-23 08:12:08
  • Хэвлэл хэний гарт байна

    2013-04-24 11:51:37
  • ГАЛЫН ЗАН ҮЙЛ

    2013-04-26 08:07:36
  • ДЭЛХИЙН ШИЛДЭГ ӨГҮҮЛЛЭГ "ТОНКУУН"

    2013-04-30 09:13:40
  • Ядаж Монголынхоо нэрийг бодоод ганц инээчих тэгэх үү?

    2013-05-02 13:20:40
  • Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга

    2013-05-09 11:34:21
  • Ан Сан Сучи ба Ц.Элбэгдорж

    2013-05-10 16:04:56
  • Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар шиг

    2013-05-14 14:21:36
  • УИХ дахь тэрбумтнууд...

    2013-05-14 14:37:25
  • "Тэс таван голынхон" хууч яриа

    2013-05-17 10:42:16
  • Увсын бөхчүүд өнөө жил ийм тактикаар барилдана

    2013-06-28 15:13:16
  • ДУУНЫ УРЛАГ БА ОЮУНЫ ӨМЧ

    2013-08-14 17:45:21
  • Бэлэг

    2013-08-20 08:20:48
  • Автобусны зогсоол

    2013-08-31 19:36:03
  • Залуус дүү нартаа хүргэх шүлэг

    2013-09-08 16:34:55
  • НАЙРАА ХЭТИЙДСЭН МОНГОЛ БӨХ

    2013-09-12 16:39:26
  • Үзэл санаагүй нийгэм

    2013-09-25 18:29:39
  • НҮҮДЭЛЧИН

    2013-10-05 00:57:22